Шинэ мэдээ мэдээлэл

Америкийн технологийн аварга IBM компани 2 нанометрийн хагас дамжуулагч чип зохион бүтээснээ өчигдөр зарласан нь компьютерийн процессорын салбарт үсрэлт хийх боломж олгож байна.

Тус компанийн лабораторид туршсан шинэ чип одоо зах зээлд өргөн ашиглагддаг 7 nm-ийн чипнээс 45 хувиар илүү хурдан ажиллаж, 75 хувиар бага эрчим хүч зарцуулдаг нь харагджээ.

Үр дүнд нь гар утасны батарейн ашиглалт дөрөв дахин нэмэгдэж, гар утсыг дөрөв хоногт нэг удаа цэнэглэдэг болох гэнэ.

Хагас дамжуулагчийн салбарт чипэнд суурилуулдаг транзисторуудын физик хэмжээг нанометрээр илэрхийлдэг бөгөөд багасах тусам үзүүлэлт нь сайжирдаг. Нанометр нь метрийг нэг тэрбум хуваасны нэгтэй тэнцэх хэмжээс юм.

IBM компани 2017 онд 5 nm-ийн чип гаргахдаа гарын хумсны хэмжээтэй талбайд 30 тэрбум транзистор багтаах боломжтой болж байв. Тэгвэл одоо 2 nm-ийн чип нь ижил талбайд 50 тэрбум транзисторыг багтаах юм.

Ингэснээр ойрын жилүүдэд компьютер, гар утсанд ашигладаг процессорууд бага эрчим хүчээр илүү хурдан ажилладаг болно.

Тухайлбал IBM компани 7 nm-ийн чип бүтээснээ зарласнаас хойш дөрвөн жилийн дараа буюу 2019 оноос ийм технологитой процессор (тухайлбал AMD-ийн Ryzen) бүхий компьютерүүд зах зээлд түгээмэл болж байжээ.

Related Posts