Шинэ мэдээ мэдээлэл

Дэлхийн хамгийн том компьютер тоглоомын компаниудын нэг Electronic Arts (EA) кибер халдлагад өртөж, үнэтэй мэдээллээ хулгайд алдсан тухай өчигдөр зарлажээ.

Хакерууд тус компанийн FIFA 21 зэрэг хэд хэдэн тоглоомын эх кодыг хулгайлснаас гадна олон тоглоомын гол цөм болдог Frostbite “game engine”-ийг нь хулгайлсан байна.

EA компаниас нийтдээ 780GB хэмжээтэй үнэт мэдээллийг хакерууд хулгайлжээ. Гэхдээ хэрэглэгчийнхээ ямар ч нууц мэдээллийг алдаагүйг тус компани баталсан байна.

EA нь дэлхийн компьютер тоглоомын зах зээлд Battlefield, Star Wars: Jedi Fallen Order, The Sims, Titanfall зэрэг томоохон бүтээгдэхүүнүүдийг гаргаж байсан юм.

“Сүүлд манай компанийн дотоод сүлжээнд гарсан халдлагын улмаас тодорхой тооны тоглоомын эх кодууд, багаж хэрэгслүүд алдагдсаныг бид шалгаж эхлээд байна. Хэрэглэгчийн хувийн ямар ч мэдээлэл алдагдаагүй. Хэрэглэгчдэд ямар нэг эрсдэл үүсээгүй гэдэгт бид итгэлтэй байна” гэж EA компанийн мэдэгдэлд өгүүлжээ. EA халдлагын мөрөөд хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Мөн энэ удаагийн халдлага тус компанийн бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүйг мэдэгдсэн байна.

Саяхан АНУ-ын компаниудад гарах болсон “ransomware” төрлийн мэдээлэл барьцаалж, мөнгө нэхдэг халдлага биш байсныг EA баталжээ.

Сүүлийн жилүүдэд компьютер тоглоомын үйлдвэрлэгчид кибер халдлагын хохирогч болох явдал нэмэгдэж байгаа.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Street Fighter, Resident Evil тоглоомуудыг бүтээсэн Capcom компани 350,000 орчим хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хакеруудад барьцаалуулж байв.

Энэ оны хоёрдугаар сард Cyberpunk тоглоомыг бүтээсэн CD Projekt Red компани мөн хэд хэдэн бүтээгдэхүүнийхээ эх кодыг алдсаныг хакерууд онлайн орчинд үнэ хаялцуулан зарж байжээ.

Related Posts